saihnaa |
2014-05-20 - Буруу энгэртэй дээл
Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
"Энхрий" үрдээ өмсгөсөн байж ...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөөрхий намайг аргамжсан байж ...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Галы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандан
Хайраа бас нуужээ
Хүйсий минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчих вий чигчий үр минь! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ.
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөө юмаа буруу өвөртөлж хаясаан, би
Далай их хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж....