saihnaa |
2014-04-30 - миний араншин
Хөхөөн дууны ногоохон зунаар
Хөвч хангайнхаа зусланд байхдаа
Хавтгайн чөмөг царцам өвлөө
Харахсан гэж хүсдэг шигээ би
Цэцэгт хангайдаа давхиж явахдаа
Цэнхэрхэн говьдоо очихсон гэж яарах юм
Буурын шүдний хангинах өвлөөр
Бударганат говийнхоо өвөлжөөнд байхдаа
Хандгай аяндаа хөлрөм зунаа
Харахсан гэж хүсдэг шигээ би
Алтан говьдоо давхиж явахдаа
Аглагхан хангайдаа очих сон гэж яарах юм
Цэнхэр яргуй нүдлэх хавраар
Цэлгэрхэн талынхаа хаваржаанд байхдаа
Өнчин янзага өөхлөх намраа
Үзэх сэн гэж хүсдэг шигээ би
Цайдам талдаа давхиж явахдаа
Цастайхан ууландаа очих сон гэж яарна
Халиун бугын урамдах намраа
Хан уулынхаа намаржаанд байхдаа
Ууган төл цангинах хавраа
үзэх сэн гэж хүсдэг шигээ би
Үүл шүргэсэн ууланд явахдаа
Өргөнхөн талдаа очих сон гэж яарах юм
Энэ бүхэн миний араншин
Эцэг эхээс өвлөсөн араншин
Өвөл зун хавар намаргүй
Уул тал хангай говьгүй
Тийм нутагт сэтгэл минь тогтохгүй
Тэгээд ч би амьдарч чадахгүй Б Явуухулан